Санаанаас гарамгүй есөн жил минь
Сахалт Чойномгоо битгий мартаарай
Үхсэн хүнд нэхэж ологдог
Үнэгүй алдар, үнэгүй магтаал хэрэггүй
Үнэн хэрэгтэй
Цэцэнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал элбэг олдох юм
Тэнэгүүдийн дунд цэцэн байхад
Тэрнээс илүү зовлон алга даа
Яаж болохгүй залхуу энэ орчлонд
Яарахаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөө вэ?
Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана
Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана
Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд оочиход зуух олон ноходтой болох юм
Уурлаж байна би уурлаж байна
Унаган насаа ахих бүр
Улсын мунхагыг ажих бүр
Уур минь аяандаа асаж байна
Эхээс би уургүй төрсөн
Эр биеийг үзтэл уургүй явсан
Эгэл гүн ухаантныг ойлготлоо уургүй явсан
Эцэст нь уурын тулам боллоо
Уурыг би эцэг дээдсээсээ аваагүй
Урлаггүй эхнэр Эрдэмаагаас аваагүй
Улаан цэргийн муйхар Чпайяаваас ч аваагүй
Уур минь аяандаа үүсэн гарлаа
Хадсан өвс дарагдаж ялзараад
Халуун дундаасаа түймэр гардаг
Хамаг ард та нартаа
Бие хайргүй хураасан
Хадлангын минь дээрээс дараад шатаалаа
Овоолсон нүүрс нар бол өөрөө шатна
Олон түмэн эх ороноо дулаацуулах гэж
Олж хураасан нүүрсэнд ус хийгээд шатаалаа
..........................................................................
[youtube http://www.youtube.com/watch?v=2053SO-9-wM]
0 Сэтгэгдэл:
Post a Comment