Тарчилж намайг яаж зовж байгааг
Танил бүсгүй минь мэддэг ч болоосой
Тайван сайхан орой гадаа уулзаад
Та яагаа вэ ? гэж асуудаг ч болоосой
Хөндлөнгөөс нь чамайг харахад
Хөл чинь газар хүрэхгүй л явах юм
Хөгжилтэй цовоо аашны чинь цаана
Хөндүүр гуниг байдаг ч юм уу, хэн мэдэх вэ..
Бүстэй, бүсгүй хүн бие биеийнхээ
Бүр нарийнийг ямар мэдэх биш
Алаг зүрхнийхээ ёроолыг шавхаж
Аль алиндаа ямар хэлэх биш ..
Харин би л чамд яримаар байна
Хайхарч хэрвээ сонсдог сон бол чинь
Урьд харин сонсоё гэсэн хүн байхад
Уудалж ярих дургүй байж билээ ..
Одоо би гэрээ санасан хүүхэд шиг
Орой болохоор гадаа ганцаар зогсох юм
Бутархай мөнгөө цувуулж гээсэн хүн шиг
Буруу зөвгүй газар шагайгаад гэлдрэх юм
Хэн нэгэнд өр алдчихсан юм шиг
Хэнгэнэтлээ санаа алдах юм
Хэнтийд биш цөллөгт байгаа юм шиг
Хэцүүхэн ганцаардаж дээ, би чинь
Зураг шүлэг ном ч хэрэггүй
Зуун нөхөд байгаад ч хэрэггүй
Хааяа ингэж ганцаардан гиюүрэх
Хачин өвчин орчлонд байдаг юм
Орчлон тэгээд адармаа гаргаж
Ойртуулж биднийг дасгахгүй юм
Орой оройдоо чи бид хоёр
Нэг нь гялалзаж нэг нь бүүдийж явах юм.
Сайна уу ? гэвэл
Сайн ! гэчихдэг
Сайхан инээвэл
Муухан ярвайчихдаг
Данхыг нь сэгсэрвэл
Давсгүй цайтай
Дахиад орвол
Давгүй царайтай
Наахнуур яривал
Намжир хаямтгай
Наалдаад ирвэл
Өвчин тоочимтгой
Дээлтэй баримал шиг
Дэрийсэн хүүхэнтэй
Дэндүү найзалбал
Дэмий дээ, дэмий.
0 Сэтгэгдэл:
Post a Comment