Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын эрээнтэй бараантай амьдрал дунд түүнтэй нэг тогооноос хоол идэж, үерхэж нөхөрлөж явсан нөхөд олон. Тэдний нэг нь насаараа Улсын прокурорт ажилласан Д.Хишиг-Очир юм. Тэдний залуу нас, амьдралын талаар түүнтэй ярилцах завшаан олдсон юм.
Чойном: "чи прокурор хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй" гэж билээ
Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын эрээнтэй бараантай амьдрал дунд түүнтэй нэг тогооноос хоол идэж, үерхэж нөхөрлөж явсан нөхөд олон. Тэдний нэг нь насаараа Улсын прокурорт ажилласан Д.Хишиг-Очир юм. Тэдний залуу нас, амьдралын талаар түүнтэй ярилцах завшаан олдсон юм.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Би 1936 онд Завхан аймгийн Яруу сумын Их баян гэдэг газар төрсөн. 1951 онд сургуульд сурахаар 15 насандаа нутгаасаа гарч Улаанбаатарт ирсэн. Аж үйлдвэрийн техникумын уул уурхайн ангид суралцахаар гэрээсээ гарсан хэрэг. Гэтэл манай сургуулийн уул уурхайн анги тэр жил татан буугдаад, би Налайхын уурхайд ажилчин болсон. Хүрз бариад л нүүрсийг ч нэг хүрздэж байлаа. Дараа жил нь буюу 1952 онд Хотын прокурорын газрын харьяа Аж үйлдвэрийн комбинат дахь хэсгийн прокурорт ажилд орсон. Тэнд нарийн бичиг, цэвэрлэгч, зарлага гэсэн гурван ажлыг хавсран хийж байлаа. Түүнээс хойш Хотын прокурорын газарт данс хөтлөгч, хяналтын прокурор, мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 1996 онд тэтгэвэртээ гарсан. Хотын прокурорт ажиллаж байхдаа 70-аад оны дундуур МУИС-д оройгоор суралцаж хуульч болсон. Миний багш нар гэвэл академич С.Нарангэрэл, Үндсэн хуулийн цэцэд байдаг Ж.Амарсанаа нарын зэрэг хүмүүс байв. Би ч их хөгшин оюутан байсан даа, нас 40 шахаж явсан.
-Та Чойном гуайтай хэзээнээс нөхөрлөж эхэлсэн бэ. Анх яаж танилцаж байв. Тэр дурсамжаасаа ярихгүй юу?
- Хотын прокурорт ажиллаж байсан үе. Манайх одоогийн Спортын төв ордны ард байдаг Хотын прокурорын ажилчдын байранд байлаа. Манайх ч гэж дээ, эхнэр аваагүй ганцаараа л нэг өрөөнд амьдардаг байв. Арваннэгдүгээр сард санагдана. Нэг их цас малгайлж орсон орой унтах гэж байтал хаалга нүддэг юм байна. Хэн бэ? гэсэн “Гомбосүрэн (зохиолч М.Гомбосүрэн ) байнаа” гэнэ. Хаалгаа тайлтал Гомбосүрэн нэг танихгүй нөхөртэй ороод ирлээ. Үсээ хагалж самнасан, улаан хацар, дунд зэргийн нуруу, монхордуу хамартай, хүрэн хүрэм өмссөн залуу байна. Бидний үеийнх бололтой. Гомбосүрэн түүнийг “Хэнтий аймгийн хүн байгаа юм. Зохиол бичнэ, зураг зурна, баримал барина, ер нь хийхгүй юм байхгүй шүү. Мөдхөн зохиолчдын толгой дээр цахиур хагалах мундаг авьяастай хүн байгаа юм” гэж танилцууллаа.
-Анх танилцаж байхад Чойном гуай ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Их хөгжилтэй, дуу шуутай залуу байсан. Гадаа их цас орж байсан болохоор, үүдэнд жаахан зогсож байснаа, шууд пийшингийн өмнө очиж тонгойж суугаад, толгойныхоо цасыг гөвөв. Tэгснээ, “Хулгавчин малгай эзнээсээ зугтаад Хөөрхий Чойном хөлдүүс боллоо Мал шиг толгойгоо сэжлээ Майлах нь цаанаа үлдлээ” гээд л толгой холбож шүлэг хэлээд, тэрүүхэндээ нуг нуг инээж байсан. Би ч тэдэнд унд хоол хийж өглөө. Тэр шөнөжингөө л юм ярьж хоносон. Их л сайхан танилцсан юмдаг. Өврөөсөө нэг дэвтэр гаргаж ирээд, миний хувийн шүлгүүд гээд л уншиж байсан. Түүнээс хойш манайхаар орж гардаг боллоо. Сүүлдээ нэг гэрт амьдарч эхэлсэн дээ.
- Хувийн шүлэг гэдэг нь ямар шүлэг байв?
- Яахав нөгөө тэр үеийн нам засгаас нуусан шүлгүүд нь л байсан. Тэр дунд янаг амрагийн, болох болохгүй зүйлийн талаар бичсэн шүлгүүд ч байх. Миний санаанд үлдээд тэмдэглэж авсан нь “Залуу бүсгүйг дагая уу, байя уу Зурвасхан захиагаа өгье үү, байя уу Зарлага надаас гарах биш, За яадгийм атгуулчихъя, урагшаа” гэх мэтийн шүлэг байсан юм.
Р.Чойномын 1957 онд Д.Хишиг-Очирт бэлэглэсэн өөрийн хөрөг.
- Та хоёр нэг гэрт хэр удаан амьдарсан бэ?
-Танилцсанаасаа хойш 1963 он хүртэл манайхаар ирж очин хамт амьдарч сайхан нөхөрлөж байлаа. Мань хүн Пашка, Лувсанзундуй, Агваанжамба, Хашир гээд олон найзынхаараа хонодог байсан. Бид сайхан нөхөрлөдөг байсан даа. Нэгнийдээ очоод цоожтой бол цүүг нь мулт татаад л гэрт нь ороод хэвтэж байдагсан. Аргагүй шүү дээ, дөнгөж 21, 22 хүрч байгаа залуус чинь ёстой нэг аатай байв даа.
-Хашир гэж хэн бэ. Тийм нэртэй хүн байсан юм уу?
- Бидний нөхөрлөдөг хоёр Гомбосүрэн байсан юм. Нэг нь М.Гомбосүрэн, нөгөө нь энэ Хашир гээд байгаа нөхөр. Бидэнд жинхэнэ нэрээ хэлдэггүй байсны учир нь мань хүн шоронгоос оргосон байж л дээ. Бас л хэлмэгдүүлэлт, эсэргүү гээд барьсан байсан. Манай бүлгэмийнхэн нэг өдөр бүгдээрээ цуглаад нөгөөх л хийдгээ хийж, элдвийг ярилцаж байтал цагдаа орж ирээд Хаширыг бариад явсан даа. Бид тэгж л учрыг мэдсэн юм. Одоо сураг байдаггүй юм хөөрхий.
-Та прокурорт ажилладаг хэрнээ зохиолч нартай их дотно байжээ?
-Би утга зохиол сонирхдог байлаа. Янз бүрийн юм бичих гэж оролдоно. Тухайн үед бид Гэрийн бүлгэм гэдгийг байгуулж байсан юм. Бүлгэмд М.Гомбосүрэн, Р.Чойном, Н.Чогний, Д.Агваанжамба, Я.Лодойсамбуу нар байлаа. Тэр дунд Товууч гэж нэг хүүхэн, Хашир нар байсан юм байна. -Бүлгэмийнхээ ажлыг хаана явуулдаг байв? - Тогтсон байр гэж байхгүй. Манайд л голдуу цуглана. Бид өөрсдийн шүлэг, зохиол, энэ тэрийгээ л ярилцан шүүдэг, санаа оноогоо хуваалцдаг байлаа. Чойном ном их уншина. Угаасаа тэр хүн зохиол бичих, бүтээл туурвих одонд төрсөн хүн. Санаа л гарвал падааны цаас, юу л тааралдана, түүн дээр тэмдэглэчихсэн байдагсан. Олон зохиол байсан нь одоо үзэгдэхгүй юм. Алга болчихлоо гэж бодож байгаа. Хожим бид “Улаанбаатарын мэдээ” сонины дэргэдэх утга зохиолын дугуйлантай нэгдсэн юм. Сонины бүлгэмд Пашка, Жамьян, Цэвлээ, Лодоншарав, Нямаа, Хашхүү нарын олон хүн байсан. Сонины эрхлэгч нь зохиолч А.Самбалхүндэв байв.
- Таны мэдэхээр Р.Чойномын ямар ямар зохиол нь байх ёстой вэ. Танд хадгалагдсан зохиол байдаг уу?
- “Тамхи”, “Талх” гэсэн хоёр роман байх ёстой. “Тамхи” романаа Налайхад өвчтэй хэвтэж байхдаа бичиж, хожим нь эмнэлэгт байхдаа дуусгасан. Гол санаа нь ажилгүй хүн уйдахдаа тамхи хийж татсан тийм л үлгэрээр эхэлж байсан юм. Мөн “Галуун цуваа” гэдэг найраглал байх ёстой. Хамгийн сонирхолтой бүтээл нь “Тэр бид хоёр” гэдэг нэртэй шог тууж байв. Өөрөө гол баатар нь, нөгөө дүр нь Ариунаа гэдэг арван жилийн сурагч охин. Номын хуудасны нэг тал дээр нь үйл явдлыг бичээд, нөгөө нүүрэнд нь үйл явдалтайгаа холбоотой зургийг нь зурсан байж билээ. Зохиолынхоо үйл явдлыг дүрсэлсэн нэг зурган дээр өөрийгөө нэг их урт сахалтай, сахал нь салхинд хийсээд ум хумгүй зугтааж байгаагаар зурсан байсан. Ариунаа нь сурагчийн цагаан хормогчоо хийсгээд мөн л зугтааж байх. Тэр хоёрын араас багш нь бололтой хүн хөөж байдаг юм. Туужийн үйл явдал нь тэр үеийн Улсын их дэлгүүрийн үүдээр үргэлжилдэг. Тэр дэлгүүр маань одоогийн Занабазарын музей шүү дээ.
-Чойном хүнийхээ хувьд ямар хүн байв. Зохиол бүтээлээ голдуу хэдийд бичдэг байсан бол?
- Ер нь их дуугүй, тэгсэн хэрнээ шооч, тоглоомтой, уурлахаараа дуугаа хураагаад суучихдаг байв. Гэхдээ баргийн юманд уурлахгүй. Их өвөрмөц хүн дээ. Хүнд тусархуу. Үнэний төлөө явдаг шударга хүн байсан. Таван төгрөгний зузаан дэвтэр, гоё үзүүрлэсэн харандаа хоёр энгэрт нь байнга явдагсан. Зохиол бичиж байхыг нь харахад саатаж гацах нь тун ховор, усны ундарга адил мөр бадгууд нь эгнээ эгнээгээрээ урсан ирж байгаа мэт шууд бичдэг байсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа их олон зохиол бичсэн. “Алтай” найраглалаа тэнд л дуусгасан гэж байсан. Найраглалын гол баатар Гүльжан бол бодит хүн. Баян-Өлгийд байхад нь тэр бүсгүй асарч сувилж байсан тухай ярьдаг байлаа. 1961 оны хавар салаа үстэй, хонин бор нүдтэй царайлаг казах эмэгтэй дагуулж ирж билээ. Тэр бүсгүй найраглалын гол баатар нь байв.
-Ээж, гэр бүлийнх нь талаар юу мэдэх вэ?
-Налайхад ээж, дүүгийнхээ хамт амьдардаг байсан юм. Чойномыг хүмүүс орон гэргүй, тэнэмэл байсан гэж ярьж байгаа нь сонсогддог. Миний мэдэхээр нэг охин дүү байсан. Би нэг хэсэг Налайхын прокурорт ажиллаж байхдаа гэрт нь очдог байлаа. Чойном тэгэхэд гэртээ өвчтэй хэвтэж байсан юм. Тэнд би нэг жил гаруй амьдарсан. Бие нь сайжирсны дараа Налайхад манайд ирдэг боллоо. Би бахь байдгаараа нэг өрөөнд ганцаараа. Намайг ажилд явсан хойгуур гэрт хэвтэж өнжихдөө зүгээр сууна гэж үгүй. Их олон зураг зурсан. “Ямар их зураг зураав” гэхлээр “Энэ хүүхнүүд өөрсдөө л зураад өгөөч гэж гуйгаад байх юм” гэж суудагсан.
-“Өд” санд та Чойномын өөрийгөө зурсан зургийг бэлэглэж байсан. Өөр бусад зургийнх нь талаар ч ярьж байсан. Тэр талаараа сонирхуулаач?
- Чойном маш сайн зурдаг байв. Зураад зогсохгүй сийлбэр хийдэг байсан. Би Чойномыг өөрийгөө их сайн судалсан хүн гэж боддог. Нэг их өндөр хүзүүтэй, баянхуур хөгжим тоглож байгаа зураг байдаг юм. Надад түүний гурван зураг хадгалагдаж байлаа. Нэгийг нь Чойномын вэбсайтын нээлт дээр “Өд” сангийн тэргүүн Ганболд гэдэг хүүд өгсөн. Өөр нэг их гоё зураг байсныг алдчихсан. Чойном буга унаад, хүүхэн тэврээд зугтааж байгаа, араас нь М.Гомбосүрэн янгир унаад, уурга бариад хөөж байгаа тийм сонин шог зураг байв. Тэрбээр өөрийгөө их элэглэдэг хүн байж. Нэг удаа баримлын шавраар өөрийгөө өлгийтэй байгаагаар урлаад, амандаа соосог зууснаар дүрсэлсэн байж билээ. Мань хүн унтахдаа орныхоо өмнө тавиад, түүнийгээ няц гишгэчихээд харамсаж байсныг санаж байна. Бас нэг сийлбэр байсан юм. Хуруун чинээ модон дээр сийлсэн байгаа юм даа. Үнэхээр өвөрмөц авьяастай хүн байсан даа. Тэр сийлбэр алга болоход М.Гомбосүрэнг хардлаа. Нөгөөх чинь үгүй гэж зүтгэсээр байгаад өнгөрсөн.
-Та найз явсны хувьд түүний гэр бүл, хувийн амьдралынх нь талаар мэднэ биз дээ.
- Одоогийн Эрүүл мэндийн яамны цаахна Янжмаагийн хашаа гэж байлаа. Тэнд бид хоёр дөрвөн ханатай гэрт амьдардаг байв. Нэг өдөр Чойном “Би одоо гэрлэмээр байна, нэг хүүхэнтэй танилцсан аваад ирэх үү” гэв. Би тэг л гэлгүй яахав. Тун удалгүй нөгөө хүүхнээ аваад ирсэн, танилцлаа. Нэр нь Лхагважав, Автобус баазад кондуктор хийдэг гэлээ. Нээрээ ч автобусанд явж байдаг хүүхэн мөн байнаа. Тэр үед хот одоогийнхтой адил их хөл хөдөлгөөнтэй байгаагүй. Тэд манайд нэг хэсэг амьдарсан. Байсхийгээд л ээж рүүгээ Налайх явдагсан. Лхагваа нь тэгэхэд гэдэстэй (жирэмсэн) байсан. Одоо бодоход хамгийн том охин Эрдэмном мөн шиг байгаа юм. Царайг нь хараагүй, байдаг гэж дуулдсан, тэр л байх. Лхагважавын дараа Нинатай гэрлэсэн гэж яриад байгаа юм. Тэр талаар сайн мэдэхгүй.
-Хоригдож байхад нь та уулзаж байв уу?
- 1963 оноос хойш Р.Чойномын сураг тасрах болсон. Би хөдөө байгаа л гэж боддог байв. 1970 оны дөрөвдүгээр сард албан хэргээр Улсын төв шоронгийн “А” корпуст ажлаар явж байв. Гэтэл хэн нэгэн намайг нэрээр маань дуудлаа. “Хаанаас хэн намайг дуудав” гэж хянагчаас асуухад, “НАХЯ-ны мэдэлд хоригдож байгаа улс төрийн хэрэгтэн” гэж байна. “Миний мэдэх хүмүүсээс улс төрийн хэрэгтэн болчихоор хүн байхгүйсэн. Би нэг уулзаад гарах юмсан” гэвэл “Түргэхэн шиг уулзаарай” гэж байна. Нөгөө хянагч өрөөнийх нь хаалгыг онгойлгож өглөө. Дотогш ортол нөгөө сураг алдраад байсан Р.Чойном маань байж байдаг байгаа. Ийм юм болно гэж санаанд орж байгаагүй болохоор учиргүй гайхсан. Үгүй чи чинь яаж яваа нь энэ вэ? гэж асуухад, “Яахав миний хэдэн шүлэг намайг ороогоод байх юм” гэж байна. Тэнд удаан уулзах боломж ч байсангүй. Хоосон явсан болохоор татаж явсан хэдэн тамхиа өгөөд л гарах болов. Гэтэл Чойном маань “Чи хуулийн ажилтай хүн, надтай хамаагүй уулзаж болохгүй байхаа” гэж байсан. Тэрнээс хойш яаж ийгээд хоёр удаа л эргэж очсон.
-Та хоёр хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Нөгөө газраасаа гарахад нь уулзсан. Бид хоёрын сүүлчийн уулзалт тэр байсан даа. Миний ажил дээр ирээд, бид хоёр “Нэгдэлчин” зочид буудлын ресторанд хооллоод салсан. Нутаг явна гэж байсан. Хожим найз Дэмбэрэлийнд байж байгаад өнгөрсөн. Би прокурорын байгууллагад ажилладаг тул сүүлдээ нөхдөөсөө их хөндийрсөн дөө. Дандаа уулзаж чадахаа байсан. Цаг үе нь тийм байсан юм даа
Ц.Уранбилэг
0 Сэтгэгдэл:
Post a Comment